Home » 2011 November 23 » Зах зээлийн тэнцвэр
8:21 AM Зах зээлийн тэнцвэр | |
ЭРЭЛТ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ТЭНЦВЭР БА ХОМСДОЛ БА ИЛҮҮДЭЛ 20011.11.23 Зах зээл дээр жинхэнэ үнэ тогтохыг нийлүүлэлт болон эрэлтийн муруй аль аль нь дангаараа мэдээлж чадахгүй. Зах зээл дээр үнэ бүрэлдэн тогтох явдлыг авч үзье гэвэл эрэлт, нийлүүлэлтийн шинжилгээг холбох хэрэгтэй Дээрх зургийн нийлүүлэлтийн муруй, эрэлтийн муруйн огтлолцсон цэг (Р0М0)-т зах зээл дээр жинхэнэ борлогдох үнэ байна. Энэ цэгийг тэнцвэрийн үнэ гэж нэрлэдэг. Учир нь гэвэл энд эрэлт хэрэгцээтэй ба нийлүүлсэн тоо яг тохирч байна. Өөрөөр хэлбэл хомсдол ч үгүй, илүүдэл ч үгүй байна гэсэн үг. Зах зээл дээр эрэлт, нийлүүлэлт байнга тохирч байдаггүй. Гэвч зах зээл нь тэнцэлд хүрэх хандлагыг агуулж байдаг. ТЭНЦЭЛ ЯАЖ ТОГТДОГ ВЭ? Үүнийг товч тайлбарлая: Хэрэв үнэ тэнцлийн түвшнээс дээгүүр (Р1) байгаа бол нийлүүлэлтийн хэмжээ М2-М1 хэмжээгээр эрэлтийн тоо хэмжээнээс давж илүүдэл бүтээгдэхүүн болоход хүргэдэг бөгөөд нийлүүлэлт нь эрэлтээс их байгааг илүүдэл нийлүүлэлт гэнэ. Хэрвээ зах зээлд илүүдэл нийлүүлэлт байгаа бол үүнийг худалдан авагчийн зах зээл гэдэг. Үйлдвэрлэгчид энэхүү илүүдэл бүтээгдэхүүнээ худалдан борлуулахын тулд үнийг бууруулах болдог. Ийнхүү үнэ хямдарч хуримтлагдсан бараа багасч барааны эрэлт нэмэгдэн, харин нийлүүлэлт нь зах зээлийн тэнцвэр (Ро - Мо) хүртэл буурна. Үүнтэй төстэй мөртлөө эсрэг үйл явц нь үнэ тэнцвэр (Ро - М0)-ээс доогуур (Р2) байгаа эрэлт мөн М2-М1-тэй тэнцүү хэмжээгээр хэтэрч барааны илүүдэл эрэлт үүсдэг. Энэ бол эрэлт нь нийлүүлэлтээс их байгааг харуулж байна. Үүнийг барааны хомсдол гэдэг. Барааны хомсдол буюу эрэлт их байгаа зах зээлцйг худалдагчийн зах зээл гэнэ. Энэ үед худалдан авагчдын бараа олж авах гэсэн өрсөлдөөн нь нийлүүлэлтийг өргөтгөн эрэлтийн эсрэг үйлчлэлийг идэвхжүүлж, дахин зах зээлийн тэнцвэр бий болтол үнийг дээшлүүлнэ. Энд ч хэрэглэгч ч бай, үйлдвэрлэгч ч бай аль аль нь үнийн дохиололд зохицон үйл ажиллагаагаа явуулж байна. Ингэж үнийн дохиололд зохицох гэсэн эрмэлзлийн дүнд эрэлт, нийлүүлэлт тэнцвэржиж байдаг. Дээр дурьдсанаас үзэхэд ҮНИЙН МЕХАНИЗМ нь илүүдэл нийлүүлэлт ба хомсдлыг тэнцвэрийн чиглэлд очих хандлага бий болоход нөлөөлдөг байна. Үүнд л үнийн механизмын гол ач холбогдол оршино. ҮНЭ, ТҮҮНИЙ ХЭЛБЭРҮҮД. Эрэлт, нийлүүлэлтийн харилцан үйлчлэлээр үнэ тогтоогддог нь тодорхой боллоо. Ингэхлээр үнэ гэдэг бол тухайн бараа, үйлчилгээг худалдан авах, өгөхөд илэрдэг эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг тодорхойлогч мөнгөн үнэлэмжийг хэлдэг. Үнэ нь зах зээлийн үед дараах гурван ГОЛ ҮҮРГИЙГ ГҮЙЦЭТГЭДЭГ. Үүнд: • Үйлвэрлэлийг урамшуулах хөшүүрэг (үйлдвэрлэл ба эрэлтийн оновчтой байдлын ихээхэн хэмнэлттэй аргад нөлөөлөх), • Хязгаарлагдмал нөөцийг хуваарилах хэрэгсэл (зах зээлийн эдийн засагт оролцогчдийн хооронд орлого хуваарилах), • Хэрэгцээт газарт нөөцийг шилжүүлэх дохио (худалдан авагч болон худалдагчийн үйл ажиллагаанд мэдээлэл өгөх) зэрэг болно. Зах зээлийн үед ҮНЭ ДАРААХ ТӨРЛҮҮДЭЭС бүрдэнэ. • Үйлдвэрлэлийн үнэ - пүүсийн үйлдвэрийн болон маркетингийн бүх зардал, түүн дээр хүлээгдэж буй ашгийг нэмсний нийлбэр болно. Чухам ийм үнээр үйлдвэрлэгчид бараа таваараа бөөнийхэнд их хэмжээгээр нийлүүлдэг. • Бөөний үнэ - энэхүү үнэ нь үйлдвэрлэгчийн үнэн дээр бөөний пүүс бүх зардал, бас олох орлогоо нэмснээр гарч ирнэ. Энэ үнээр бөөний худалдааны пүүсүүд бараагаа борлуулах ба мөн жижиглэн худалдааныханд нэлээд хэмжээгээр нийлүүлнэ. • Жижиглэнгийн үнэ - барааг бага хэмжээгээр жижиглэн худалдаалах үнэ юм. Уг үнэ нь бөөний үнэ дээр жижиглэн худалдааны пүүсийн захиргаа, үйлдвэрлэл, маркетингийн бүх зардал дээр олбол зохих орлогоо нэмснээр гарч ирнэ. • Үүнээс гадна нэрлэсэн үнэ гэж бий. Нэрлэсэн үнийг цэс, лавлах, биржийн үнэлгээ, ханш зэргийн жагсаалтанд бичсэн байдаг. ҮНИЙН ҮР ДАГАВАР. Үнэ байнга тогтвортой бол хэрэглэгчийн ирээдүйд итгэх итгэл нэмэгдэнэ. Хэрэв үнэ үргэлж өөрчлөгдөөд байвал хэрэглэгчийн ирээдүйд итгэх итгэл муудна. Ийм үед засгийн газраас үнийн дээд, доод хязгаарыг тогтоох замаар үнийн тоггвортой байдлыг хангах бодлого явуулдаг. Зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг тусгаагүй үнийг дээрээс тогтоож барих нь үйлдвэрлэгчийн болоод хэрэглэгчийн ч эрх ашигт тэр болгон нийцэхгүйн дээр зах зээлийн үр ашгийг бууруулж, барааны хомсдол гарах нөхцлийг бүрдүүлдэг. Дээр дурьдсанаас хураангуйлан дүгнэвэл, үйлдвэрлэгчийн үйл ажиллагаанаас зах зээл дэх бараа, үйлчилгээний НИЙЛҮҮЛЭЛТ, хэрэглэгчийн тухайн үеийн хүсэл сонирхолоос ЭРЭЛТ, энэ хоёрын харьцаанаас ҮНЭ БҮРДЭЛТ тогтож, байнга өөрчлөгдөж байдаг зүй тогтолтой болох нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл эрэлт, нийлүүлэлт хоёр зах зээлийг бий болгодог, зах зээл нь үнийг бий болгодог ажээ. | |
|
Total comments: 1 | ||
| ||