Home » 2012 » April » 28 » Малчин өрхийн амьжиргаа: нөлөөлөх хүчин зүйлс, дээшлүүлэх арга зам
4:28 PM
Малчин өрхийн амьжиргаа: нөлөөлөх хүчин зүйлс, дээшлүүлэх арга зам
Доктор, профессор А.Бакей1
Судлаач Б.Чимид-Очир2
1- Хөдөө аж ахуйн шинжлэнх ухааны академийн дэд ерөнхийлөгч,
Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор
2-Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын захирал

Хураангуй
Байгаль цаг уурын болон зах зээлийн орчны таатай бус өөрчлөлтийн улмаас малчдын амьжиргааны төвшин тогтвортой бус байдлаар байнга өөрчлөгдөж, буурах хандлагатай болж байна. Мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх үр ашигтай суваг бүрдээгүй нь малчдын амьжиргааг дээшлүүлэхэд бодит саад бэрхшээл учруулж байгаа нь бидний судалгаагаар тогтоогдсон болно.

Удиртгал
Монгол Улсад 2009 оны эцсийн байдлаар 226.6 мянган малтай өрх байгаагийн 75.1 хувь нь буюу 170.1 мянга нь малчин өрх юм. Эдгээр малчин өрхийн аж ахуй нь хүн амыг хүнсээр, үйлдвэрийг түүхий эдээр хангах, экспортын болон гадаад валютын орлогыг нэмэгдүүлэхэд шууд; тээвэр, худалдаа, үйлчилгээний салбарын олон мянган хүнийг ажлын байраар хангахад шууд бус хэлбэрээр үүрэг гүйцэтгэсээр байна. Малын тоо өсөөд байхад малчдын амьжиргаа сайжрахгүй байна. Гэвч улсын эдийн засагт чухал байр суурь эзэлдэг аж ахуйн энэхүү системийн бүтэц, зохион байгуулалт, хөгжлийн чиг хандлага төдийлэн тодорхой бус байна. Үүнээс үүдэн дараахь сөрөг үзэгдэл гарч байна. Үүнд:

малчин өрхийн аж ахуй нь хэмжээний хувьд хэт жижиг, зах зээлд өрсөлдөх чадвар сул, дийлэнх нь амиа аргацаасан шинжтэй;
малчин өрхийн аж ахуй үндсэндээ ганцхан салбар буюу мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг, тэр нь бүтээмж багатай;
бие биенээс салангид үйл ажиллагаа явуулдаг, хоорондоо хамтран ажиллах аж ахуй, хөдөлмөр зохион байгуулалтын хэлбэр тодорхой бус;
бүтээгдэхүүн, түүхий эдээ зах зээлд оновчтой, үр ашигтай борлуулж чадахгүйгээс завсрын наймаачид илүү хождог;
орлогын гол эх үүсвэр нь үндсэндээ малын тооноос шалтгаалдаг, малын тоо нь байгаль, цаг уурын сөрөг нөлөөнөөс ихээхэн хамаардаг тогтвортой амьжиргааны эх үүсвэр ихээхэн эрсдэлтэй;
байгаль, цаг уурын нөлөөлөл, зуднаас шалтгаалж мал ихээр хорогдож, малгүй, орлогын эх үүсвэргүй болж, малчдын амьжиргааны төвшин буурах явдал ойр ойрхон тохиолддог болсон;
хөдөөгийн илүүдэл ажилгүйдлийг үндсэндээ мал аж ахуй өөртөө шингээж байгаа учир малчид давхар ачаалалд өртөж байна.

Иймд малчдын амьжиргааг дээшлүүлэх нөөц боломжийг илрүүлэх, аж ахуй эрхлэх менежмент, маркетингийн сүлжээг боловсронгуй болгох замаар дээрх тулгамдсан асуудлыг шийдвэрлэж болно.

Судалгааны арга зүй
Монголын мал аж ахуйд тохиолдож буй тулгамдсан асуудлуудыг малчдын амьжиргааны үүднээс судалж, тэдний тогтвортой орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, малчин өрхийн аж ахуйг илүү үр ашигтай, бизнесийн аж ахуй болгон хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх боломж, чиглэл, арга зам, үзэл баримтлалыг тодорхойлоход энэхүү илтгэлийн зорилго оршино.
Малчдын амьжиргаанд нөлөөлж буй байгаль цаг уур, нийгэм-эдийн засгийн хүчин зүйлсийн нөлөөлөлд системийн шинжилгээний арга зүйн үүднээс хандаж, улсын хэмжээний болон Баруун бүсийн холбогдох статистик мэдээлэлд шинжилгээ хийж, судалж буй асуудлаар зохих дүгнэлт, санал дэвшүүлсэн болно.

Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх хэлбэр, хэв шинж
Орчин үед улс орнуудын хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг хэлбэр, хэв шинжээр нь нэг хэв загварт оруулж ангилах нь нэн төвөгтэй бөгөөд тариачны аж ахуй, малчин өрхийн аж ахуй, өрхийн фермерийн аж ахуй, хоршоо, өрхийн бус том хэмжээний бизнесийн хэв шинжтэй аж ахуй ч байсаар байна. Гэхдээ хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг дараах үзүүлэлтээр ангилж болох юм. Үүнд:

амиа аргацаасан эсвэл таваарын аж ахуйн аль нь болох,
хэмжээний хувьд том эсвэл жижиг аж ахуй эсэх,
газрын харилцааг хэрхэн зохицуулдаг,
хөлсний хөдөлмөр эрхэлдэг эсэх,
ажил эрхлэлтийн төвшин гэх мэтийн шалгуур үзүүлэлт байна.

Хөгжингүй орнуудад хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн үндсэн хэлбэр нь өрхийн фермерийн аж ахуй мөн. Хөгжиж буй орнуудад хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг гол төлөв тариачны аж ахуй эрхэлж байна. Өрхийн аж ахуйн энэ хоёр хэлбэрийн хооронд ихээхэн ялгаа байна. Тариачны аж ахуйн (манай малчин өрхийн аж ахуйн) гол онцлог нь нийгмийн соёлын үнэт зүйлсийг хадгалсан нийгмийн тархай бутархай давхаргаас бүрдсэн шинжид оршино. Нөгөө талаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хүчин зүйлийн зах зээл хөгжөөгүй юмуу сул хөгжсөн оронд тариачны аж ахуй давамгайлдаг ажээ. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн анхдагч бөгөөд голлох хэлбэр нь өрхийн аж ахуй юм. Дэлхийн хүн амын дөрөвний нэг нь өрхийн аж ахуй эрхэлж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үндсэн хэсгийг үйлдвэрлэдэг.
Манай орны малчин өрхийн аж ахуй бол өнөөгийн төвшинд хэмжээний хувьд жижиг, бэлчээрээ нийтээрээ дундаа ашигладаг, гэр бүлийн гишүүдийн хөдөлмөрт тулгуурласан, гол төлөв амиа аргацаасан шинжтэй зэрэг онцлогтой юм.

Шилжилтийн үед хөдөө аж ахуйд гарсан үндсэн өөрчлөлт
Шилжилтийн үед мал аж ахуйн салбарт гарсан өөрчлөлтийг дараах байдлаар ангилан авч үзэж болно. Үүнд:
Үйлдвэрлэлийн хүрээний өөрчлөлт. Мал аж ахуйн үйлдвэрлэлийг хувийн өмчийн малчин өрхийн аж ахуй эрхлэх болжээ. Энэ хугацаанд мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид нь нэг талаар хэмжээний хувьд жижгэрсэн, нөгөө талаар тооны хувьд нэмэгдсэн хэдий ч үйлдвэрлэлийн бүтээмжийг өсгөж чадаагүй юм.
Боловсруулах үйлдвэрлэлийн хүрээний өөрчлөлт. Зах зээлд шилжсэнээр техник, технологийн хувьд хоцрогдсон, бүтээгдэхүүн нь зах зээлд өрсөлдөх чадварын хувьд сул том үйлдвэрүүдийн дийлэнх нь зогсонги байдалд орсон.
Үнийн зохицуулалтын өөрчлөлт. Үнийг чөлөөлснөөр мал аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эдийн зах зээлд үнийн механизм үйлчлэх эхлэл тавигдаж, бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийн хууль, зүй тогтол төлөвшин хөгжих хандлагатай болсон.
Борлуулалтын сувагт гарсан өөрчлөлт. Хуучин тогтолцооны үед хэрэглэж байсан бэлтгэлийн систем задарч, түүний оронд зах зээлийн нөхцөлд тохирсон борлуулалтын суваг төлөвшиж бүрдээгүй байгаа нь маркетингийн тулгамдсан асуудлын нэг мөн.
Бизнесийн орчны өөрчлөлт. Сүүлийн 20 орчим жилд аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой гол хууль, эрхийн актуудыг зах зээлийн харилцааны зарчимд нийцүүлэн шинэчлэн боловсруулж мөрдөх болсон нь бизнесийн үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчин төлөвших шатанд байгааг харуулна. Гэвч төр засгаас баримталж ирсэн банк, санхүү, гадаад худалдааны болон хөрөнгө оруулалтын бодлого нь мал аж ахуйн бизнес эрхлэгчдэд тийм ч таатай бус байсан гэж дүгнэж болно.

Малчдын орлогод нөлөөлж буй хүчин зүйлс
Орчин үед дэлхий дахинд улс орон бүр эдийн засгийн өсөлт, хүний хөгжил, байгалийн нөөц, баялгийн ашиглалт гурвын хоорондын оновчтой шүтэлцээ, уялдааг хангахгүйгээр ямар ч салбар ирээдүйд тогтвортой хөгжих боломжгүй болохыг хүлээн зөвшөөрөөд байна.
Бэлчээрийн мал аж ахуйн хөгжил нь хоорондоо нягт шүтэлцээ бүхий малчин-мал-бэлчээр-капитал-менежмент гэсэн үндсэн 5 хүчин зүйлээр тодорхойлогдоно. Үүнээс манайд бэлчээр, мал, хөдөлмөр гурав голлох үүрэг гүйцэтгэж иржээ.
Малын хашаа, тэжээл, усан хангамжийг эс тооцвол манай мал аж ахуйд капиталын хүчин зүйлийн багтаамж, технологийн өөрчлөлт тун бага юм. Ийм учраас өдийг хүртэл малчдын менежментийн арга ухаан нь зөвхөн малынхаа тоо толгойг өсгөх замаар л хэрэгцээгээ хангаж, амьжиргаагаа тэтгэхэд чиглэгдэж ирсэн гэж үзэж болно.
Мал аж ахуйн салбарын бүтээмжид нөлөөлж буй хүчин зүйлсийг мэдлэг, боловсрол, туршлага (хүний хүчин зүйл); технологи (технологийн хүчин зүйл); хөрөнгө оруулалт (капиталын хүчин зүйл); төрөлжилт, хоршилт, хамтын ажиллагаа (нийгмийн хүчин зүйл) гэсэн 4 чиглэлээр тодорхойлж болно. Энд уламжлалт аж ахуйгаа эрхлэн хөтлөх талаар малчдын арга туршлага хангалттай боловч мал аж ахуйн үйлдвэрлэлд технологийн шинэчлэл үндсэндээ хийгдээгүй, хөрөнгө оруулалт өмнөх тогтолцооны үетэй харьцуулахад эрс буурсан, зах зээлийн шинэ орчин нөхцөлд малчид хамтран ажиллах арга хэлбэрээ олоогүй, бүтээгдэхүүнээ зах зээлд үр ашигтай борлуулах тогтолцоо бүрдээгүй байна.
Хүснэгт 1. Малчдын орлогод нөлөөлөх гол хүчин зүйлс, өөрчлөлтийн хандлага

Монголын бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг малчдын орлого нь тоон үзүүлэлтийн хувьд үндсэн гурван хүчин зүйлээс хамаардаг. Үүнийг:
LR = N * Y * P (1),
N- малын тоо (малчид↑-зуд ↓),
Y- нэгжийн ашиг шим (тогтмол ↓),
P- нэгжийн үнэ (тогтмол ↓) байдлаар илэрхийлж болно.
Малчид орлогоо нэмэгдүүлэхийн тулд малын тоо толгойг өсгөхийг хичээдэг, тэр нь ган, зудын улмаас жил бүр ихээхэн хэлбэлзлэлтэй байдаг. Малын тоог өсгөх замаар малчдын орлогоо нэмэгдүүлэх гэсэн оролдлого хэр бодиттой вэ? Үүнийг “чөтгөрийн тойрог” буюу мал өсөхийн хэрээр зах зээлд нийлүүлэх малын гаралтай түүхий эдийн үнэ унаж, малчдын орлого багасдаг, орлого багасахын хирээр малын тоо толгойг өсгөх тэдний эрмэлзлэл нэмэгддэг явдлаар тайлбарлаж болно. Эцсийн эцэст малын тоо толгойг хязгаарлах байгалийн хүчин зүйл буюу бэлчээрийн даац хэтэрч, ган зудад амархан нэрвэгдэж, тухайн малчин өрх ч, мөн улсын төсөв ч асар их алдагдал хүлээх болдог.
Нөгөө талаар малчдын орлогод нөлөөлдөг гол хүчин зүйл болох нэг малаас ашиглах ашиг шимийн хэмжээ бараг өөрчлөгдөхгүй үндсэндээ буурах төлөвтэй байна. Дараагийн чухал хүчин зүйл-түүхий эд, бүтээгдэхүүний зах зээлийн үнэ өсөх биш харин буурч, жил, улирлаар хэлбэлзлэлтэй юм.
Малчид мал аж ахуйн үйлдвэрлэлээс мах, сүү, цагаан идээ зэрэг бүтээгдэхүүнээр өөрийн хэрэгцээг хангаад илүү гарсныг зах зээлд нийлүүлж, өргөн хэрэглээний хувцас, хунар, гурил, хүнсний бусад барааг худалдан авдаг. Ингэхдээ бараа солилцооны хэлбэр одоо ч давамгайлсан хэвээр байна. Доорх хүснэгтэд малчдын худалдан борлуулсан болон худалдаж авсан бүлэг барааны үнийн индексийг харуулав. 2008 оныг 2005 онтой харьцуулахад малчдын худалдсан барааны үнийн өсөлт нь худалдаж авсан барааныхаас 66.5 пунктээр доогуур төвшинд байна.
Хүснэгт 2. Малчдын худалдсан ба худалдан авсан зарим бүтээгдэхүүний үнийн индексийн харьцаа (2005=100)
Эх үүсвэр: Түүвэр судалгаа болон статистикийн эмхтгэлээс
Үүнээс үзэхэд өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөөс мал аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүний үнийн өсөлт хоцорч байгаа нь малчдын орлого, амьжиргаанд маш их нөлөөтэй байна. Энэ нь ялангуяа, төвлөрсөн зах зээлээс алс хол байршилтай Баруун бүсийн малчдын амьжиргаанд илүү их ноцтой нөлөөлж буй хүчин зүйл мөн.
Зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн эхний үед мал сүргийн тооны өсөлтөөс малчин өрхийн болон малчдын тооны өсөлт түрүүлж, харин сүүлийн жилүүдэд малчдын тоо буурах хандлага ажиглагдах болсон. Тус салбарт хөдөлмөрийн бүтээмж хангалттай бус байна. Тухайлбал, 2005 онд Монгол Улс 364.3 мянган малчинтай, 30.4 сая малтай байсан бол 2009 онд 349.3 малчинтай, 44.0 сая малтай болсон. Энэ хугацаанд нэг малчинд ногдох малын тоо 83 толгой байснаа 126 болж өссөн нь малчдын хөдөлмөрийн бүтээмж өссөнийг харуулах үзүүлэлт биш юм.
Хүснэгт 3. Нэг өрхөд ногдох хувийн малын бүлэглэлт
Эх сурвалж: Монгол Улсын 2009 оны мал тооллогын дүн
Дээрх хүснэгтээс үзэхэд, 2009 оны байдлаар манай орны мал бүхий нийт өрхийн 67.9 хувь нь 200 хүртэл малтай бөгөөд эдгээр өрхүүдэд улсын нийт малын 28-хан хувь нь ногдож байна. Энэ нь тэдэнд өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэл явуулах боломж хязгаарлагдмал, гол төлөв амиа аргацаасан аж ахуйн хэв шинжтэй байгааг харуулна.
Харин малтай нийт өрхийн 30.4 хувь нь 201-1000 хүртэл малтай бөгөөд эдгээрт улсын нийт малын 60.0 хувь ногддог. Сүүлийн 5 жилд байгаль цаг уурын нөхцөл мал аж ахуйн үйлдвэрлэлд харьцангуй таатай байсан тул 50 хүртэл малтай өрхийн тоо, эзлэх хувь буурч, харин 51-ээс дээш малтай өрхийн тоо, эзлэх хувь нэмэгджээ. Гэхдээ энэ бол тогтвортой хадгалагдах үзүүлэлт биш, энэ жилийн зуднаар мал ихээр хорогдох төлөвтэй байна. Нэг малчин өрхөд ногдох малын тоог өсгөх замаар малчдын амьжиргааг сайжруулах боломж хомс юм. Бидний тооцоо судалгаагаар 5 ам бүлтэй дундаж малчин өрх Бэлчээрийн их хэмжээний талбайд ашиг шим багатай олон мал өсгөж үржүүлэх уламжлалт арга технологи маань байгаль, экологийн тааламжгүй өөрчлөлтийн өнөө үед явцгүй болжээ.
Хүснэгт 4. Малтай өрхөд ногдох мал, малын тооны бүлгээр
Эх сурвалж: Монгол Улсын 2009 оны мал тооллогын дүн
Хүснэгтээс харахад, 101-200 малтай өрх дунджаар 146 малтай бөгөөд үүнээс 1 тэмээтэй, 8 адуутай, 10 үхэртэй, 54 хоньтой, 73 ямаатай байна. 500 хүртэл малтай өрхийн мал сүргийн дотор ямааны эзлэх хувь өндөр, түүнээс дээш толгой малтай өрхөд хониных илүү өндөр хувьтай байна.

Хөдөөгийн зах зээлийн харилцааны төлөвшил

Хөдөөд зах зээлийн харилцаа төлөвших үйл явц дөнгөж эхний шатанд байна. Малчид зах зээлтэй оновчтой холбогдож чадаагүй, гол төлөв бараа солилцоогоор арилжаа хийгддэг, түүхий эдийн боловсруулалтын төвшин доогуур, дотоод зах зээл дэх үнийг үндсэндээ Хятадын өрсөлдөгчид тодорхойлж байгаа зэрэг олон асуудлыг дурдаж болно. Үүний үндсэн шалтгаан нь мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг дотоодод боловсруулах аж үйлдвэр сул хөгжсөн, техник, технологи нь хоцрогдсон тул мал аж ахуйн түүхий эдийн үндэсний зах зээл дэх эрэлтийг хязгаарлагч хүчин зүйл болж байгаатай холбоотой юм.
Ийнхүү манай улс хэдийгээр зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэн ч хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн гаралтай таваарын бүтээгдэхүүний чөлөөтэй урсгалыг хангасан дэд бүтэц бүхий маркетингийн тогтолцоо бүрдээгүй юм.

Монгол Улсын хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн маркетингийн зарим өвөрмөц онцлогийг ч зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай гэж үзнэ. Үүнд:
Мал аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эдийн нийлүүлэлт нь улирлын шинж чанартай, нөөц нь хязгаарлагдмал байна.
Мал аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эдийг үйлдвэрлэгчид (малчид) хэрэглэгчдээс (хүн ам, боловсруулах үйлдвэрүүд) алс хол, тархай байршилтай тул бүтээгдэхүүн, түүхий эдийг цуглуулж борлуулахад нэлээд бэрхшээлтэй, нэмэгдэл зардал шаарддаг.
Мал сүргийг халдварт, халдваргүй өвчнөөс бүрэн эрүүлжүүлж чадахгүй байгаагийн зэрэгцээ экспортын зориулалтаар өсгөн үржүүлэх явдал хангалтгүй байгаагийн улмаас гадаад зах зээлд гарах боломж хязгаарлагдмал байна.
Хөдөө орон нутагт зам харилцаа, холбоо, мэдээллийн дэд бүтэц сул хөгжсөн нь маркетингийн оновчтой суваг бүрдүүлэхэд сөрөг нөлөөтэй юм.
Монгол улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний дотоод зах зээлийн багтаамж бага, хөрш зэргэлдээ хоёр том гүрний зах зээлийн нөлөөлөл хүчтэй зэрэг онцлогийг дурдаж болно.

Эдгээр онцлог байдлаас шалтгаалж хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн борлуулалтын сувагт малчид ба боловсруулагчдыг холбоход хэд хэдэн суваг голлох үүрэгтэй оролцож байгаа бөгөөд үүнийг арьс ширний жишээн (Зураг 1) дээр тайлбарлаж болно.

Зураг 1. Арьс ширэн бүтээгдэхүүний борлуулалтын суваг

Завсрын наймаачид “ченж”. Маркетингийн сувагт “ченж” гэж нэрлэгдэх завсрын жижиг наймаачид чухал үүрэг гүйцэтгэж байна. Тухайлбал, дотоод зах зээлд борлуулагдаж буй түүхий арьс ширний 78.5 хувь нь завсрын наймаачдын гараар дамждгийг судлаач С.Хандсүрэн (2001) тогтоожээ. Завсрын наймаачдыг дотор нь 3 ангилж болно. Нэгдүгээрт, өөрийн хувийн мөнгө хөрөнгөөр наймаа хийгчид, хоёрдугаарт боловсруулах үйлдвэрүүдийн өмнөөс завсрын наймаа эрхлэгчид, гуравдугаарт хятад худалдаачдын өмнөөс наймаа хийж хожоо ологчид.
Хөдөө аж ахуйн чиглэлийн хоршоо, компаниуд. Энэ нь зарим сумдад идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа боловч маркетингийн нийт сувагт эзлэх байр суурь нь сул байна.
Боловсруулах үйлдвэрүүдийн орон нутаг дахь төлөөлөгчийн газар. Ноолуур, мах боловсруулах зарим томоохон үйлдвэрүүд ийм хэлбэрээр түүхий эдээ олж авахыг хичээж байгаа боловч үйл ажиллагаа нь хязгаарлагдмал байна.
Өөрсдөө шууд нийлүүлэх. Томоохон хот суурин газар ойр байршилтай малчид, тариаланчид түүхий эдийн төрөлжсөн зах, боловсруулах үйлдвэрүүдэд түүхий эд, бүтээгдэхүүнээ өөрсдөө авчирч шууд борлуулж байна. Энэ нь нийтийг хамарсан түгээмэл шинжтэй биш юм.
Бөөний худалдааны сүлжээ. Үүнийг Засгийн газрын дэмжлэгтэйгээр хувийн хэвшилд тулгуурлан хөгжүүлэх зорилт тавьж, зарим арга хэмжээ авсан ч тодорхой үр дүнд хүрээгүй.

Цаашид мал аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүний маркетингийг малчдын өөрсдийн оролцоотой хоршсон хэлбэрээр зохион байгуулах нь үр дүнэй болно. Үүнийг аж ахуй зохион байгуулалтын дараах хэлбэрүүдээр А.В.Чаяновын онолын загварт тулгуурлан тайлбарлаж болно.
Зураг 2-т цөцгийн тос боловсруулдаг нэг л үйлдвэрийн зохион байгуулалтын 4 янзын боломжит хувилбарыг харуулсан. Энд аль ч тохиолдолд нэг л үйлдвэр-цөцгий боловсруулах үйлдвэртэй фермерүүд (малчид) буюу нийлүүлэчид, хэрэглэгчид, технологи, менежементийн харилцан холбоо хамаарлыг харуулсан байна.

Зураг 2. Хоршооны янз бүрийн хэлбэрийн харьцуулалт
Нэгдүгээр тохиолдол нь босоо (вертикаль) хэлбэрийн хөдөө аж ахуйн хоршооны онцлогийг харуулна. Энд цөцгий боловсруулах үйлдвэрийн эзэмшигч нь малчид байна. Үндсэн зорилго нь үйлдвэрийн үйлдвэрлэсэн цөцгийг үр ашигтай борлуулж, аль болох зардлыг хэмнэх явдал юм.
Хоёрдугаар тохиолдолд үйлдвэрийн эзэмшигч нь цөцгийг худалдан авагчид буюу эд хэрэглэгчдийн хоршоо юм. Тэдний зорилго нь цөцгийг хямд үнээр худалдан авах, үйлдвэрийн зардлыг бууруулахад оршино.
Гуравдугаар тохиолдолд цөцгийн үйлдвэрийг гадны өмчлөгч (хувь нийлүүлсэн нийгэмлэг, нөхөрлөл, хувь хүн, төр) байх бөгөөд өмчлөгч нь цөцгийг аль болох өндөр үнээр зарах, үйлдвэрийн зардлыг хямдруулахыг сонирхдог.
Дөрөвдүгээр тохиолдолд цөцгийн үйлдвэр нь түүний ажилчдын эзмшилд буй хөдөө аж ахуйн бус горизанталь хэлбэрийн хоршоо байна.Тэд аль болох сүүний бэлтгэлийн үнийг бага байлгах, цөцгийн үнийг өсгөх, хамт олны ашгийг нэмэгдүүлэхийг илүү сонирхоно. Үүнээс үзэхэд хоршооны дээрх хэлбэр тус бүр янз бүрийн сонирхолтой байна. Ийм учраас хоршооны үйл ажиллагаанд оролцогчдын сонирхлын нэгдлийг хангах нь хамгийн гол асуудал мөн.

Мал аж ахуй ба боловсруулах үйлдвэрийн хөгжил
Үндэсний боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлэхгүйгээр, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэхгүйгээр мал аж ахуйг тогтвортой хөгжүүлэх тухай асуудал ерөөсөө хэрэгжихгүй. Энэхүү үндэслэлийг харгалзан:

Орчин үеийн дэвшилттэй техник, технологи бүхий мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн боловсруулах жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэхэд олон улсын зээл тусламж, хөрөнгө оруулалтаа чиглүүлэх, тэр дундаа хил орчмын бүс нутагт ялангуяа махны жижиг үйлдвэрүүдийг хөгжүүлэх замаар экспортын гарцыг олшруулахад онцлон анхаарвал зохино.
Мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох өвөрмөц зах зээлийн шинэ сувгийг нээх талаар эрэл хайгуул хийх системийг бий болгож, идэвхитэй үйл ажиллагаа явуулах нь зүйд нийцнэ.
Хөдөө орон нутаг дахь ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, орлогын тогтвортой өсөлтийг хангахын тулд харилцан нөхөн тэтгэж хөгжих чадавхитай хөдөө аж ахуй – аж үйлдвэрийн салбарыг бүрдүүлэн хөгжүүлэх, тэдгээрийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх нь стратегийн чухал зорилт болж тавигдаж байна.

Байгалийн гамшиг, зуд, бэлчээрийн доройтол
Сүүлийн 60 орчим жилд улсын хэмжээнд хорогдсон малын хувиар онуудыг өнтэй, хэвийн, тааламжгүй гэж ангилан судлаж, тэдгээрийн тохиолдох магадлалыг тооцоход өнтэй жилийн тохиолдох магадлал 13 хувь, хэвийн жилийн давтагдах магадлал 20.4 хувь, тааламжгүй жилийнх 66.6 хувь байна. Үүнээс үзэхэд бэлчээрийн мал аж ахуй цаашид ч ган, зудны эрхшээлээс ангижрахгүй нь ойлгомжтой. Ер нь сүүлийн үед дэлхийн уур амьсгалын байдалд өөрчлөлт орж, зун нь хэт халуун болох, өвөл нь хэт хүйтрэх зэрэг сөрөг үзэгдэл улам бүр ихсэж байгаа нь дэлхий нийтийн анхааралыг татаж байгаа билээ. Манай орны хувьд мал аж ахуйн үйлдвэрлэлийн байгалийн эрсдэл нь малчдын амьжиргаанд тодорхой давтамжтайгаар ноцтой нөлөө үзүүлсээр байна.
Манай орны мал аж ахуйн хөгжлийн тулгуур хүчин зүйл нь бэлчээр бөгөөд түүнийг хэрхэн хамгаалж, сайжруулж ашиглахаас тус салбарын хувь заяа шалтгаална. Малын тоо толгойг хязгаарлах ганцхан хүчин зүйл байгаа бөгөөд тэр нь тухайн жилийн ургац ургах үеийн хур тундаснаас хамааралтай бэлчээрийн даац юм. Судалгаанаас үзэхэд, манай орны нутаг дэвсгэрийн 25 хувийг хамарсан ган 2-3 жилд нэг удаа, нутгийн 50 хувийг хамарсан ган 4-5 жилд нэг удаа тохиолддог байна. Бэлчээрийн талхагдал, хуурайшилтын улмаас улам хурдастай хүрээгээ тэлж буй цөлжилтийн нөлөө бэлчээрийн даацыг бууруулж байна. Хэрэв судлаачдын гаргасан “манай орны нийт нутаг дэвсгэрийн 80-аад хувь нь цөлжилтөд өртсөн” гэсэн дүгнэлт үнэн бол Монгол Улсын нийт мал сүргийн тоог одоо байгаагаас 2-2.5 дахин бууруулах шаардлагатай юм.
Бэлчээрийн ургац улирал болон тухайн жилийн цаг агаарын байдлаас шалтгаалж ихээхэн хэлбэлзэж өөрчлөгддөг тул бид бэлчээрийн даацыг одоогоор байгаа судалгааны тоо материалд тулгуурлан тооцоход өнтэй жилд хонин толгойд шилжүүлжснээр 82.5 сая, хэвийн жилд 68.8 сая, тааламжгүй жилд 55.5 сая байх бэлчээрийн даацтай байна.
Томоохон хот суурингийн ойролцоох болон төвийн бүсийн бэлчээр их хэмжээгээр талхлагдах болсоны гол шалтгаан нь алслагдсан бүс нутгаас мал бүхий иргэд зах зээлд ойртон төвийн бүсийн аймаг, хотуудад олноор шилжин суурьших болсонтой холбоотой. Монголын малчид байнгын нүүдэл, суудлын аргаар бэлчээрийн ашиглалтыг зохицуулж ирсэн түүхэн уламжлалтай бөгөөд энэ нь нэг талаас бэлчээр нутгийн экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, нөгөө талаас мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрсдэлээс зайлуулах нэг үндсэн арга байжээ. Гэтэл одоо нүүдлийн тоо эрс цөөрч, хангай, хээрийн бүсэд ихэнх малчид өвөлжөөнийхөө ойролцоо жилийн дөрвөн улиралд суух болсон байна. Өмнө нь зөвхөн тодорхой улиралд л ашиглагддаг байсан бэлчээр одоо жилдээ маш олон хоногоор улирал дамжин хэт ачаалалтай ашиглагдаж, бэлчээрийг нүүдлийн журмаар ашигладаг уламжлал бараг алдагдах болжээ.
Бэлчээрийн ашиглалт зохицуулалтгүй орхигдсноос үүдэн бэлчээрийн экологийн тэнцвэрт байдал алдагдах нь улам бүр тодорхой болоод байна. Бэлчээрийн доройтол нь ган гачиг тохиолдох, үлийн цагаан оготоно олширох зэрэг тодорхой давтамжтай байгалийн үзэгдэлээс гадна малын тоо толгой тодорхой бүс нутагт хэт өссөн, сүргийн бүтэц хэвийн бус болсон, хээрийн түймэрт өртсөн зэрэг хүний зохисгүй үйл ажиллагаатай холбоотой юм.
Бэлчээрийн мал аж ахуйгаас хамгийн хямд өртөгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хэмээх үзэл хэр бодитой вэ? Мал сүргийн жилийн турш бэлчээрээс идэж буй өвс, ургамлыг хэн ч тооцохгүй байгаа бөгөөд бүтээгдэхүүний өртөгт ч шингэхгүй байна. Энэ бол орчин үеийн эдийн засгийн онол ёсоор “тодорхой бус зардал” мөн. Ойролцоо тооцоогоор хонин толгойд шилжүүлснээр нэг мал жилд бэлчээрээс 70080 төгрөгийн өвс идэж байгаа. Гэтэл төрөөс бэлчээрийг сайжруулахад зориулж жилд дунджаар нэг хонин толгойд ердөө 76 төгрөг зарцуулдаг. Бэлчээрийг ашиглаж ашиг хүртэгч малчид маань бэлчээрийг сайжруулахад хувиасаа үндсэндээ хөрөнгө зарцуулахгүй байгаа билээ. Энэ байдлаас бид бэлчээрийг хамгаалж, сайжруулахад хэр зэрэг анхаарч байгааг төвөггүй ойлгож болно.
Ийнхүү бэлчээрийн доройтол болон чанаргүй малын тоо толгойн хэт өсөлтийн хоорондын зөрчил нь бэлчээрийн мал аж ахуйн хөгжилд сонголт хийхийг нөхцөлдүүлж байна.

Бэлчээрийн мал аж ахуйн хөрөнгийн эргэлтийн онцлог
Бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг малчин өрхийн хөрөнгийн эргэлтийн онцлогтой юм. Бидний судалгаагаар малчин өрх жилийн дундаж орлогынхоо 80-аас доошгүй хувийг мал аж ахуйгаас оруулж байна. Энэхүү орлого нь жилийн турш жигд ордоггүй, улирлын шинжтэй, жилийн ихэнх сард мөнгөн орлогын урсгал тасралтын шинжтэй байдаг онцлогтой юм. Гэтэл тэдний хэрэглээ байнгын шинжтэй байдаг.
Зураг 3. Малчин өрхийн орлого орох онцлог, саруудаар
Дээрх зургаас харахад, тэтгэвэр, тэтгэмж зэрэг мөнгөн орлогыг эс тооцвол малчин өрх үндсэн үйл ажиллагаа болох мал аж ахуйгаас жилийн 12 сарын турш жигд орлого олж чаддаггүй. Малчин өрхийн орлого оролтын онцлогоор нь саруудыг 4 ангилалд хувааж болох юм. Үүнд:

орлого огт ордоггүй сарууд: I, II, III, XII;
бага хэмжээний орлоготой сарууд: VI, VII, VIII, IX;
дунд зэргийн орлоготой сарууд: IV, IX, X;
орлого харьцангуй их ордог сарууд: V, XI байна.

Бэлчээрийн мал аж ахуйн дээрх онцлогоос хамаарч малчин өрхийн хэрэглээнд бэлэн мөнгөний хомсдол байнга үүсдэг. Иймд хөдөөгийн санхүүгийн үйлчилгээг хөгжүүлэхдээ дээрх онцлогийг харгалзан үзэх шаардлагатай юм.
Хөгжлийн өнөөгийн төвшинд малчид маань олсон орлогынхоо дийлэнх хэсгийг (89%) ахуйн хэрэглээнд, багахан хэсгийг (11%) ган, зудаас хамгаалах үйлдвэрлэлийн урсгал зардалд зарцуулаад үйлдвэрлэлээ өргөтгөхөд шаардлагатай хуримтлалд хөрөнгө оруулалт хийж чадахгүй байна.
Ийм нөхцөлд бэлчээрийн мал аж ахуйн онцлогт нийцсэн банк, санхүүгийн байгууллагын үйлчилгээ ч бүрэлдэн төлөвшиж чадаагүй, эрсдлээс хамгаалах малын даатгалын зүгширсэн тогтолцоо алга байгаа нь малчдад бизнес эрхлэх санхүү, эдийн засгийн таатай орчин бүрдээгүйг харуулна. Иймд мал аж ахуйн эрсдлийн менежментийг сайжруулахад хөдөөгийн жижиг санхүүжилтийг ашиглах асуудал нэн чухал байна.

Мал аж ахуйн хөгжил ба хүний хүчин зүйлд хандах хандлага
Ер нь хөгжил, дэвшлийн шийдвэрлэх хүчин зүйл нь хүн өөрөө юм. Гэтэл уулын мухарт амьдардаг малчдын хөгжлийн тухай асуудалд өнгөрсөн хугацаанд бага анхаарал хандуулж иржээ. Харин мал аж ахуйг хөгжүүлэх асуудлыг хангалттай ярьсан мэт санагдана. Хүн хэмээх үнэт капиталд хөрөнгө оруулж хөгжүүлэхгүйгээр дэвшил гарахгүй. Иймд малчдын мэдлэг, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд цогц байдлаар хандмаар байна. Энэ талаар “Малчдын талаар төрөөс баримтлах бодлого”-д дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэх нь чухал ач холбогдолтой болно. Мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн тогтвортой өсөлтийг хангах хамгийн гол хүчин зүйл болох агробизнес, менежмент, маркетинг, мал маллагааны дэвшилт технологи, малыг эмчлэх, эрүүжүүлэх чиглэлээр малчдад зөвлөгөө өгөх тогтолцоог төлөвшүүлэн хөгжүүлэх нь ихээхэн ач холбогдолтой юм.
Юуны өмнө малчдад аж ахуй эрхлэх шинэ арга ухааныг биет байдлаар таниулж мэдрүүлэх шаардлага тулгарч байна. Жилийн дөрвөн улиралд үнээгээ тугаллуулж, сүүгээр хэрэглэгчдийг тогтвортой хангадаг өрхийн аж ахуй Улаанбаатар хот орчимд байна гэвэл зарим малчид итгэхгүй байх. Үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийхгүйгээр орлого олж болно гэсэн сэтгэлгээнээс салах цаг нь болжээ. Энэ бүхнийг хөгжилд хандах хандлагаа өөрчилсөн үед шийдэх боломжтой юм.

Дүгнэлт, санал
Маж ахуйн салбарын болон малчдын талаар төрөөс баримтлах бодлогын ерөнхий чиглэл нэгэнт тодорхойлогдсон боловч тэдгээр бодлогын эдийн засгийн үндэслэл, харилцан уялдаа холбоо, хэрэгжүүлэх санхүүгийн баталгаа, эерэг, сөрөг нөлөөллийн бодлогын үнэлгээ, шинжилгээ, менежмент учир дутагдалтайн байна. Мал аж ахуйн ихэнх бүтээгдэхүүний зах зээлийн үнэ тогтвортой бус, хэлбэлзлэл ихтэй, мөнгөний ханш уналттай харьцуулахад зарим түүхий эдийн үнэ буурах хандлагатай байгаа нь малчдын бизнесийн ашиг хонжоо, амьжиргаанд сөрөг нөлөө үзүүлэх болсон байна. Иймд мал аж ахуйн бүтээгдэхүүний эрэлтийг дэмжих, ялангуяа экспортыг урамшуулах бодлого явуулах замаар үнийг тогтворжуулах, малчдын орлогыг нэмэгдүүлэх боломж, нөхцөл бүрдэнэ гэж үзнэ.
Малчдын орлогыг ядаж бууруулахгүйгээр малын тоо толгойг тухайн жилийн бэлчээрийн даацад нь яаж барьж байх вэ гэдэг асуудал Монгол орны мал аж ахуйн салбарын хамгийн тулгамдсан асуудал мөн. Энэ асуудлыг шийдэх хамгийн зөв арга зам бол нарийн нягт судалгаан дээр тулгуурласан алсын хараатай, оновчтой цогц бодлого, түүнийг хэрэгжүүлэх шийдвэр гаргах төвшний улс төрчдийн чин хүсэл байх хэрэгтэй.
Мал аж ахуйн хөгжил нь мал хэмээх хувийн өмч, бэлчээр буюу газар гэсэн төрийн өмчийн хоорондын харьцаан дээр суурилдаг. Төр өөрийн өмч болсон бэлчээрийн менежментийг хэрхэн зохицуулснаар энэ асуудал шийдвэрлэгдэх учиртай. “Хаяа багтахаараа бууж, хамар багтахаараа иднэ” гэсэн уламжлалт сэтгэлгээ нь бэлчээрийн зүй зохистой менежментийг бий болгоход гол саад болж байна. Үүн дээр улс төрчдийн оноо цуглуулах сонирхол нэрмээс болж байна. Энэ нь судлаач А.Энх-Амгалангийн онож хэлснээр “... бэлчээрийн даацын баримжаагүй мал өсгөх нь хүнээ бодоогүй харгис, хөгжлөө бодоогүй харалган бодлого юм”.

Цаашид бэлчээрийн мал аж ахуйг тогвортой хөгжүүлэх, малчдын амьжиргааг дээшлүүлэх талаар дараах асуудалд илүү анхаарал хандуулах нь чухал юм.
Өөрчлөгдөж буй байгаль цаг уурын нөхцөлд дасан зохицох шаардлагыг харгалзан бэлчээрийн мал аж ахуйг эрхлэх арга ажиллагааг орчин үеийн шинжлэх ухаан технологийн ололтод тулгуурлан улам боловсронгуй болгохын зэрэгцээ бололцоотой бүс нутагт хагас суурин хэлбэрийн фермерийн эрчимжсэн мал аж ахуйг төрөөс дэмжин хөгжүүлэх.
Бэлчээрийн мал аж ахуйн экологийн цэвэр бүтээгдэхүүний харьцагуй давуу тал, үнэт чанарыг олон улсын зах зээлд сурталчилан таниулах замаар шинэ зах зээлийн сувагт нэвтрэн орох нь ихээхэн ач холбогдолтой юм. Ялангуяа, БНХАУ, Дундад Ази, Ойрхи Дорнодын улс орнуудын том зах зээлд монголын бэлчээрийн малын мах, махан бүтээгдэхүүнийг нийлүүлэх өргөн боломжийг ашиглаж мал, махыг эдийн засгийн эргэлтэд оруулах
Сум бүрт мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хүлээн авах, ангилж зэрэглэх, анхан шатны тордолт хийх, багцлах, савлах, дараагийн шатны худалдаанд бэлтгэх, үнийн мэдээллээр хангах үүрэг бүхий иж бүрэн үйлчилгээ зуучлалын төвийг агуулах, тоног төхөөрөмж зэрэг зохих дэд бүтэцтэйгээр малчдын хоршоо, хувийн хэвшилд тулгуурлан байгуулан хөгжүүлэхийг дэмжих.
Тодорхой болзол, нөхцөл хангаж, зохион байгуулалтад орсон малчдын өөрийгөө удирдах байгууллагад бэлчээрийг урт хугацаагаар тогтвортой эзэмшүүлэн зохистой ашиглах, хамгаалан сайжруулах эдийн засаг, эрх зүйн орчныг нэн даруй бүрдүүлэн хэрэгжүүлэх.
Зах зээлээс алслагдсан байдал болон аж ахуй эрхлэх хэлбэрээс хамаарсан, тухайлбал, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийг дэмжсэн бэлчээрийн татвар, төлбөрийн ялгавартай бүсчлэл тогтоож хэрэгжүүлэх.
Малчдад чиглэсэн хадгаламж, зээлийн уян хатан, урт хугацаатай зорилтот зээлийн хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх.
Мал аж ахуйн эрсдлийн сан бий болгож, гантай газраас мал, мах худалдан авах ажлыг зохион байгуулах замаар эрсдлийн сөрөг нөлөөллийг бууруулах.
Мал аж ахуйд учирч буй байгалийн эрсдлийн сөрөг нөлөөллийг бууруулахын тулд малын индексжүүлсэн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх.
Views: 1603 | Added by: Бямба-Эрдэнэ | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: